Wednesday, April 25, 2012

"Оюутны бие даалт”-ын ажлын бяцхан зөвлөмж/Илтгэл бичих зааварчилгаа,сэдэв/


Илтгэл ба судалгаа
Аливаа эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах, тодорхой асуудлаар бүтээл туурвихад сэдвийн сонголт маш чухал үүрэгтэй. Зөв оновчтой сонгосон сэдэв бол хийвэл зохих ажлын бараг 50 хувийг амжилттай шийдэх урьдчилан нөхцөл болдог гэж энэ ажлын амтыг үзсэн эрдэмтэн судлаачид үздэг. Сэдэв сонгохдоо энэ чиглэлээр ажилласан өөрийн туршлага, мэдлэг мөн урьдчилан хуримтлуулсан судалгааны материал дэвшүүлж буй бүтээлч санаа судалгаа, шинжилгээний талаар тавьсан илтгэл, хэлсэн үг, туурвисан бүтээл, гадаад хэлний мэдлэг зэрэгт бодитой үнэлгээ өгч тэдгээрийг харгалзан үзүүлэх нь туйлийн чухал. Үүний зэрэгцээ судалгааны ажил эрхлэн явуулах гэж буй хүний сэтгэл зүйн бэлтгэл зориг шийдмэг байдал зохих нөлөөтэй.
Эрдэм шинжилгээний ажлыг зөвхөн хамгаалахын тулд судалгаа хийсэн дүр үзүүлэх, амарчлах, нүд хуурах асуудлыг урьдал болгох биш, бодис юмс үзэгдлийн мөн чанарыг шинжлэх ухаанчаар судлан илрүүлж, үүгээрээ сэтгэлийн таашаал авч биеэ боловсруулан тодорхой амжилтанд хүрэхэд чиглүүлж чадваас үр дүн гарна. Судалгаа явуулах сэдвийг өөрөө сонгох ба мөн мэргэжлийн байгууллага эрдэмтдээс зөвөлгөө авч болно. Сэдэв сонгоход дараах мэдээлэл танд хэрэгтэй. Үүнд:
-          Улсын номын сан, Их дээд сургууль, Коллеж, Эрдэм шинжилгээний төрөлжсөн байгууллагуудын номын санд байгаа хамгаалсан эрдэм шинжилгээний бүтээлийн катологийг харах
-          Шинжлэх ухааны шинэлэг ололт амжилт үр дүнтэй танилцах
-          Интернет мэдээлэл ашиглах
-          Бусад ном хэвлэл
Суурь ба хавсрах салбарт гарч буй шинэ технологийн арга судалгаа шинжилгээний аргачлал арга зүй боловсруулалттай танилцснаар сэдэв сонгоход дөхөм болно.
            Судлаач сэдвээ сонгоход эрдэмтэн судлаачдын хэвлэн нийтлүүлсэн өгүүлэл, хурал зөвөлгөөний материал, эрдэм шинжилгээний илтгэл, тайлангийн материал чухал үүрэгтэй.
            Судлаач нь сэдвээ сонгосны дараа сэдвийн дэвшүүлж буй санааны мөн чанар шинэлэг зүйл, ач холбогдол мөн онол арга зүйн шинэлэг тал практик ач холбогдолд тов тодорхой тайлбар өгсөн байвал зохино. Ингэснээр сонгосон сэдвийг эцэслэн баталгаажуулах нөхцөл бүрдэнэ.
            Дэвшүүлж буй санааны шинэлэг зүйл гэдгийг ойлгохдоо шинэ юм бүгд дэвшилтэд, хуучин юм бүгд хоцрогдсон байх албагүй гэдгийг бодолцох ёстой. Эрдэм шинжилгээний бүтээлд шинэлэг зүйл гэдэг судалгааны явцад илрүүлсэн ажлын үр дүн бөгөөд энэ нь судлаачийн тухайд анхдагч болон дэвшүүлж буй ойлголт юм. Анхдагч гэдэг нь энэ талаар хэвлэн нийтлүүлснээс өмнө үүнтэй адил баримт шинжлэх ухаанд байгаагүй гэсэн ойлголт юм.
Эрдэм шинжилгээний ажлын практик ач холбогдол нь:
            Нэгдүгээрт эрдэм шинжилгээний ажлын үр дүн нь шинжлэх ухааны онол
           арга зүйг боловсронгуй болгох,
            Хоёрдугаарт нийгмийн салбаруудын хөгжил дэвшил, үр ашгийг зохистой
           болгох арга замыг шинжлэх ухааны үүднээс үндэслэх чиглэл болно.
Судалгааны ажлын төлөвлөгөө зохиох
            Эрдэм шинжилгээний ажилтны ажил нь түүний удирдагчийн хамт хувийн төлөвлөгөө зохиохоос эхэлнэ. Энэхүү хувийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад сонгосон сэдвийн дагуу удирдагчийн зөвлөмжөөр тусгайлан ажлын төлөвлөгөө зохионо. Удирдагч өөрийн судлаачаар календарчилсан төлөвлөгөө гаргуулан мөрдүүлнэ.
Судалгааны үндсэн зорилго санаа өөрчлөгдөх ёсгүй. Ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх үе шат нь хамаарах асуудлын хүрээ хугацаа, судлах объектын хязгаарлалт зэргээр дэлгэрэнгүй асуулт гарган түүнд хариулт авахаар судалгааг нарийвчилсан байдлаар ажлын төлөвлөгөөг тодотгоно. Ажлын төлөвлөгөөг удирдагч батална.

Эрдэм шинжилгээний ажлын /илтгэл/ бүтэц, бичилгийн дараалал:
            Эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт бүтээл туурвих судалгаа явуулах, ажлын бүтэц дараалалд нэгдсэн нэг стандарт тогтоож болохгүй нь мэдээж гэвч олон жил улс орон бүрд тогтсон нийтлэг бүтэц дараалал байдаг байна. Эрдэм шинжилгээний ажилд тайланг дуусгаж хамгаалалтанд оруулахад доорх байдлаар бичигдсэн байвал зохистой. Үүнд:
  •  Нүүр ба танилцах хуудас
  • Гарчиг
  • Оршил
  • Сэдвийн үндсэн хэсгийн гарчиг, бүлэг
  • Судалгаа
  • Санал, дүгнэлт
  • Ашигласан номын жагсаалт
  • Хавсралтууд
            Зохих шаардлага хангасан бичлэгтэй судалгааны ажлын нүүр, танилцах хуудас зэргийн ерөнхий гарчгийн нэр, бүтээлийн дотор бичигдсэн гарчиг, бүлгийн нэртэй яг тохирч байх ба өөрөөр бичих мөн товчлох дараалал солих хэлбэрээр бичигдэж болохгүй бусад асуудлыг оновчтой стандартын дагуу бичнэ.
            Оршил хэсэгт эрдэм шинжилгээний бүтээлийн сонгосон сэдвийн ач холбогдол, зорилго дэвшүүлэн тавьсан асуудлын агуулга судалгаа хийсэн объект, судалгаанд хэрэглэсэн арга, арга зүйн судалгааны үр дүнгийн онол практикт өгөх үнэлэмж, үр нөлөө хамгаалахаар дэвшүүлж буй асуудал зэргийг товч тодорхой үндэслэнэ.
            Сэдвийн ач холбогдол нь бүтээл бүрд байвал зохих шаардлагатай. Ийм учраас оршил хэсэг сэдвийн ач холбогдлыг үндэслэхээс эхэлнэ. Зохиогч энэ сэдвийг хэр зөв сонгосон түүнийг орчин үеийн нийгмийн ач холбогдол талаас яаж ойлгон үнэлж байгаа, тухайн хүний мэргэжлийн бэлтгэл шинжлэх ухааныг хэрхэн танин мэдэж байгааг тодорхойлон харуулдаг.
            Зорилго нь судлагдаж байгаа объект юмсын талаар тодорхой зорилтууд дэвшүүлэн хэрхэн шийдсэнг товчлон харуулна. Зорилгыг эрдэм шинжилгээний ажилд дараах хэлбэрээр тоочин тусгадаг нийтлэг хэллэг бий. Тухайлбал судлах, тэмдэглэх, тогтоох, илрүүлэх, томъёолох гэх мэт
            Судалгааны арга гэдэг нь тавьсан зорилгоо хэрэгжүүлэхээр жинхэнэ материалтай харьцахад тохируулан сонгосон нэг төрлийн багаж зэвсэг ба оршил хэсэгт энэ талаар заавал тусгана. Үүний дараагаар оршил хэсэгт эрдэм шинжилгээний бүтээлийн бүтэц дарааллын талаар өгүүлнэ.
            Бүтээлийн үндсэн хэсэгт онол аргачлал судалгаа явуулсан арга, зарчим ба үр дүнд үнэлэлт өгсөн хэрхэн нэгтгэсэн байдлыг дэлгэрэнгүй тусгана.
Судалгааны хэсэгт судалгааны арга, өнөөгийн нөхцөл байдалд тохирсон судалгаа байх ба практик судалгаа байвал үр дүнтэй харьцуулсан судалгаа байвал төдийлөн бага байх, илтгэлийн нөхцөл байдлын эерэг ба сөрөг байдлыг тусгана.
Санал сайжруулах арга зам болон боловсронгуй, тодорхой шийдэлд хүрсэн байна.
           Бүтээлийн төгсгөлийн хэсэгт гүйцэтгэсэн ажлын нэгдсэн үр дүнг харуулах ба зарим тохиолдолд уг сэдвийг үргэлжлүүлэн судлах арга зам, аргачлал хэлбэр цаашид ямар зорилгуудыг шийдвэл зохих талаар тусгана.
Ерөнхийлөн дүгнэхдээ судалгааны төгсгөл үед гол төлөв хэрэглэгддэг. Судалгаа хийх явцад судалгааны янз бүрийн аргаар бүрдүүлсэн баримт зүй тогтол, боломж, ангилал, шинэ шинж, оюун дүгнэлт гэх мэт зүйлийг ерөнхийлөн дүгнэх явдал юм. Ерөнхийлөн дүгнэхдээ судлаач анх дэвшүүлсэн зорилго, зорилт, таамаглал, зэргийг барьж эдгээр нь хэр зэрэг биелсэн тухай дүгнэлт заавал хийнэ. Анхаарах зүйл бол дүгнэлт нь аль болох тодорхой байх дүгнэлтйин хэсгүүд хоорондоо логик уялдаа холбоотой байх, хийсэн ажлын шинэлэг тал ач холбогдолыг тод гаргаж өгсөн байх ёстой юм. 
            Дүгнэлтийн дараа ашигласан эх зохиол бүтээл номын жагсаалт бичигдэнэ. Энэхүү ном бүтээлийн жагсаалтанд судлаачын бие даан гүйцэтгэсэн бүтээлч ажиллагааг харуулдаг. 
             Ашигласан ном бүтээлийн жагсаалтанд ишлэл татаж ашиглаагүй бол тэдгээрийг оруулах шаардлагагүй. Бүтээлд хамаарвал зохих туслах ба нэмэгдэл материалыг хавсралтаар үзүүлэх нь оновчтой.
Үр дүнтэй илтгэлийн 7зарчим
1.      Ач холбогдолтой
2.      Уялдаа холбоотой
3.      Товч тодорхой
4.      Сонирхолтой
5.      Сэтгэл хөдлөлтэй
6.      Шинэлэг
7.      Үр дүнтэй
Илтгэгчийн анхаарах зүйл:
Илтгэлээ илтгэхдээ холбогдох сонирхолтой чухал мэдээллийг цуглуулж аль болох товчхон төлөвлөгөө зохионо.
Ø  Энгийн төв  хувцасласан байх
Ø  Илтгэл тавихын өмнө ярих зүйлээ эхнээс нь дуустал урьдаар бодож яв цав болго. Хэрэв илтгэгч хэлэх гэж буй зүйлээ нэгд нэггүй санаж байгаа бол чөлөөтэй, тайван, итгэлтэй ярьж чадна.
Ø  Сонсогчдын өмнө биеэ барих, яриа маань эвгүй болох вий гэж зовох зэрэг сэтгэл зовнил нь илтгэгч хүнд үлэмж саад болдог.
Ø  Яриагаа чанга, тод, ойлгомжтой, нэгэн хэвийн өнгөөр биш, аль болох энгийн бөгөөд утга төгөлдөр байлгах хэрэгтэй.
Ø  Ярианы өнгийг энгийн болгож болох бөгөөд ярьж буй зүйлтэйгээ уялдуулан дуу хоолойныхоо өнгийг сольж байх хэрэгтэй. Өнгө бол онцлон тэмдэглэж буй хэрэг юм.
Ø  Дохио зангаа, хөдөлгөөн нь яриаг амьдруулах ашигтай боловч түүнийг болгоомжтой хэрэглэх нь чухал
Ø  Тайзан дээр холхиж явах, хоёр хөл дээрээ байнга сэлгэх, босч суух зэрэг давтагдсан хөдөлгөөнийг хийх хэрэггүй.
Ø  Сонсогчдыг хэсэг хэсгээр нь харж ярих ашигтай. Учир нь тэдэнд тааламжтай байдаг.
Ø  Илтгэгч гэрэлтэй газраас яриагаа нүүр царайныхаа байдлаар илэрхийлэн гаргах хэрэгтэй.
Ø  Ямарч тааламжгүй байдалд биеэ барих чадвар хатуу тэвчээрийг илтгэгч хүнээс шаарддаг. Энэ дотроо анхаарал сарниулах ямар ч шалтгаанд автахгүйгээр ярьж байх ёстой.
Ø  Хэрэв яриа эхлэхийн өмнө мэдэгдэхүйц шуугиан гарч сонсогчдын санаа сэтгэл тогтворгүй байвал юуны өмнө тэр чимээг намдаах, анхаарлаа төвлөрүүлэхэд чиглэсэн өгүүлбэр хэлж болно.
Ø  Нэгэн хэвийн зүйлийг давтан ярихаас зайлсхийх нь зүйтэй. Ийм яриа ялангуяа илтгэлийн эхлэл, төгсгөл хоёрт үлэмж хортой.
Ø  Ярихдаа нэг үгийг ойр ойрхон хэрэглэхгүй байх нь чухал
Ø  Ярианы хэлбэр энгийн, ойлгомжтой байвал сайн. Гадаад үг хэллэгийг оруулж болно. Харин түүнийгээ тухай бүрд нь тайлбарлах хэрэгтэй.
Ø  Лекцээ амжилттай болгохын тулд сонсогчдын анхаарлыг татах, анхаарлыг яриа дуустал барьж байхыг хичээгээрэй. Иймээс илгэгчийн ярианы эхлэл энгийн ойлгомжтой, сонирхолтой байх нь чухал
Ø  Илтгэгчийн гол санаа тодорхой байх нь лекцийн амжилтанд их нөлөөтэй. Хэрэв санаа нь нэгээс нөгөөд шилжиж байвал тэр яриаг сонсож ойлгоход хэцүү болно. Тиймээс яриагаа нэг нь нөгөөгөөс урган гарч байхаар төлөвлөх хэрэгтэй.
Ø  Сайхан яриа гэдэг бол энгийн, тод, ойлгомжтой, утга төгөлдөр байх ёстой.
Илтгэлийн сэдэв:
Төсвийн алдагдал бууруулах арга зам, Алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, Алдагдалтай санхүүжилтын шалтгаан үр дагавар, Төсвийн адагдалын удирдлага, Төсөв шинэчлэх шаардлага, Төсөв шинэчилсэн үр дүн, Өнөөгийн санхүүгийн хямрал, Санхүүгийн хямралыг даван туулах арга зам, Төрийн санхүүгийн бодлогыг боловсронгуй болгох, Татварын тогтолцоог боловсронгуй болгох, Орон нутгийн санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах, Төрийн санхүүгийн хяналтыг сайжруулах гэх мэт...
Гүйцэтгэх журам:
Суралцагч ажлыг хуваарьт хугацаанд багшид шалгуулж үнэлгээ авна. Хугацаа хэтэрсэн бие даалтыг нөхөн шалгахгүй. Ажлыг комьютерт шивж, хэвлэмэл байдлаар /бичвэрийн хэмжээ: 12, мөр хооронд: 1,5, тор – 1,5см, bottom -2см, left – 3 см, right – 1,5 см/ бэлтгэж шалгуулна.
Илтгэлийн ажлыг дүгнэх журам:
Илтгэлийг өгөгдсөн сэдвүүдийн хүрээнд тодорхой объект дээр судлан шинжилж, дүгнэлт гаргах, бичгийн хэлбэрээр хийх бөгөөд өөрийн хийсэн ажлаа илтгэж хамгаална. Илтгэлийн ажилдаа удирдамжийн агуулгыг бүрэн багтаасан байх шаардлагатай бөгөөд ажлын цар хүрээ, оновчтой шийдэл, шинэлэг санаа, хэрэгжих боломж, бие даан мэдлэгээ дээшлүүсэн хэлбэр, нэмэлт материал ашиглан тэмдэглэл товчлол хийсэн, хичээлийн агуулгыг эзэмшсэн байдал зэргийг харгалзан 15 хүртэл оноогоор дүгнэнэ.
Илтгэлийн ажлыг дүгнэхдээ багш дараах шалгууруудыг тавина.                             
Цаг хугацаандаа хийгдсэн эсэх      -1 оноо
Онол арга зүйг хамарсан байдал   -2 оноо
Судалгааны цар хүрээ                     -3 оноо
Шийдэл дүгнэлтийн байдал            -3 оноо
Илтгэх ур чадвар                              -6 оноо                                             

Нийт 15 оноо                         

No comments:

Post a Comment